СААТУУЛАХ АРГА :
Саатуулах арга нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг механик арга юм.
- Эрэгтэй бэлгэвч: Эрэгтэй хүний үрийн шингэн эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болох замаар жирэмслэлтээс хамгаална. Бэлгэвчийг маш нимгэн резинээр хийдэг ба шодойд углаж хэрэглэнэ. Жирэмслэлтээс гадна БЗХӨ-нөөс сэргийлнэ.
- Эмэгтэй бэлгэвч: Эрэгтэй бэлгэвчтэй адил эрэгтэй хүний үрийн шингэнийг эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болдог. Эмэгтэй бэлгэвчийг маш нимгэн полиуретанаар хийдэг. Энэ уут хэлбэрийн бэлгэвч нь 2 талдаа цагирагтай ба нэг нь бэлэг эрхтний гадна амсарт нөгөө нь үтрээнд байрлана.
ДААВРЫН АРГА:
Дааврын хавсарсан аргыг зааврын дагуу зөв хэрэглэвэл жирэмслэлтээс 99% хамгаална. Энэ арга нь эмэгтэй хүний биений юмны мөчлөгийг зохицуулдаг бэлгийн даавруудын цусан дахь хэмжээг өөрчилснөөр өндгөн эсийн боловсрох явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлэх замаар жирэмслэлтээс хамгаална.
- Дааврын эм: Энэ эмийг 21 хоногийн турш ууж хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалахаас гадна өндгөвчний уйланхай үүсэх, умайн гаднах жирэмслэлт зэргээс сэргийлэх ач холбогдолтой.
- Дааврын тариа: Дан дрогемтрон агуулсан жирэмслэлтээс хамгаалах тариа юм. Үйлчилгээ нь дааврын эмтэй төстэй бөгөөд 3 сар тутам булчинд тарьж хэрэглэнэ.
- Жирэмслэхээс хамгаалах наалт: Буглагны гадна тал, өгзөг, хэвлий, гуянд наадаг. Жирэмслэлтээс хамгаалах эмтэй адил үйлчилгээтэй. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хэрэглэж эхэлнэ.
- Жирэмслэхээс хамгаалж яаралтай уух эм: Бэлгийн хавьтлын дараа 3 хоног буюу 72 цагийн дотор ууж хэрэглэнэ. Энэ эм 2 ширхэг байдаг бөгөөд нэг дэх эмээ уугаад 12 цагийн дараа дараагийн 1 ширхгийг уудаг. Хэрэв эмийг уусны дараа бөөлжвөл тэр дор нь нэмж дахин ууна. Зөвхөн зайлшгүй тохиолдолд хэрэглэнэ.
ФИЗИОЛОГИЙН АРГА:
Энэ нь хуанлийн аргаар өндгөн эс боловсрох хугацаанд бэлгийн хавьталд орохгүй байж жирэмслэхээс хамгаалах арга юм. Хувь хүний онцлогоос болж хуанлийн тооллоо алдах эрсдэлтэй байдаг.
ЕРӨНДӨГ:
Мэргэжлийн эмч тусгай багажаар умайн хөндийд байршуулдаг “Т” үсэг хэлбэрийн жижиг пластик хэрэгсэл юм. Зэстэй болон гормонтой (Marina) 2 төрөл байдаг. Ерөндгийн үйлчилгээ нь умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгох, амьдрах орчныг нь таагүй болгодог.
Зэстэй ерөндөг 10 хүртэл үйлчилгээ үзүүлдэг бол гормонтой ерөндөг нь 5 жил хүртэл үйлчилгээтэй байдаг.
Гормонтой ерөндөг нь сарын тэмдэг ихээр ирэхийг багасгадаг сайн талтай.
МЭС ЗАСЛЫН АРГА:
Энэ арга нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолой эсвэл эрэгтэй хүний үрийн сувгийг боож битүүлэх мэс заслын арга юм.