Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй. Хэвийн үед үтрээний 1 грамм шүүрэлд 100000 орчим бактер байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай нян буюу лактобактери байдаг. Үтрээ бол хоол боловсруулах эрхтний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн бөгөөд тэдгээр биетүүд үтрээнд байрших нь үтрээнд өөрт нь ач холбогдолтой юм.
Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:
• Их хэмжээгээр оршдогоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.
• Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална.
• Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.
• Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтэхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.
Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH3,8- 4.2) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовуурь илэрнэ.
Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд:
• Антибиотикийн зохисгүй хэрэглээ
• Үтрээ угаах
• Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.
• Стресст өртөх
• Дархлаа дарангуйлагдах
• Дааврын өөрчлөлт
Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд илрэх шинж тэмдэг:
• Үтрээнээс эвгүй үнэр гарах
• Загатнах
• Хорсох
• Үтрээ хуурайших
• Үтрээний шүүрэл ихсэх
Дээрх шинж тэмдгүүд илэрвэл үтрээний ашигтай бактер хэрэглэх мөн эмчид хандах нь зүйтэй.